Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан болон дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тарифаар төлбөр бодогдож эхлэх гэж байна. Иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээг өөрсдөө зохицуулах, хэмнэх боломжтой байдаг бол дулааны эрчим хүч нь орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцогддог. Одоогоор дулааныг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Эрчим хүчний яамнаас дулааны тоолуурыг бүх шатанд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Шинээр баригдаж буй барилгуудад дулааны тоолуурыг суурилуулах шаардлагыг барилгын стандартад оруулах чиглэлийг тус яамнаас өгчээ.