Нийгэм

Захиалгат нислэгээр 219 ламхайг эх оронд нь авчирна

Захиалгат нислэгээр 219 ламхайг эх оронд нь авчирна

Энэ оны зургаадугаар сарын 01-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг УОК-д үүрэг болгосон.

Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.  Хүүхдүүдийн амьдарч байгаа хийдээс 6 километрийн зайд “COVID-19” халдварын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир  чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг  эцэг эх болон Гоман дацангийн удирдлагуудаас хүссэн.

Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг хүсэлтийг Засгийн газарт гаргаад байсан юм.

Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг Засгийн газраас УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгасан байна.