Нийгэм

ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛНЭ

ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажилласан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлжээ.  Хийн халаалтад шилжсэн иргэдийн хувьд  агаар, орчны бохирдол мэдэгдэхүйц буурч, хуурайшилт багассан нь илүү цэвэр, таатай орчинд амьдрах боломжтой болсон гэдгээ онцолсон байна. Мэргэжлийнхэн “Хийн халаалтын системд гал алдах, тэсэрч дэлбэрэх эрсдэлгүй, систем бүр хий алдагдлыг илрүүлэх мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон гэж тайлбарлалаа. Мөн нийслэлийн хяналтын төвөөс 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр тасралтгүй хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэж байсан 27 уурын зуухыг хий, цахилгаан, агаарын дулааны эх үүсвэр буюу хосолмол дулааны хабрид  системд  холбоод байна. Тухайлбал нийслэлийн 117 сургууль нүүрснээс хийн түлшинд бүрэн шилжжээ. Хийн бойлер нь Япон улсын “Rinnai” үйлдвэрийн өндөр үр ашигтай, хийн түлшний зарцуулалт багатай, бүрэн автомат ажиллагаатай систем юм байна. Тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд шилжүүлснээр 1,800 айлын яндангаас гарах хэмжээний хорт утаа ялгарлыг бууруулж, агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байна хэмээн албаныхан хэллээ. Мөн  үнс, тортог үүсэхээс сэргийлж, сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл  байдал сайжран, сурагчид болон багш, ажилтнууд  цэвэр, аюулгүй орчинд суралцах, ажиллах боломж бүрдэж байна хэмээн хотын дарга онцоллоо.Мөн энэ үеэр Б.Пүрэвдагва: Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 айл өрхийг хийн халаалтад шилжүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 27 зуухыг түүхий нүүрснээс хий, цахилгаан, агаарын дулааны эх үүсвэр буюу хосолмол дулааны хабрид системд холбосон талаар мэдээлэл өгсөн юм.