Нийгэм

“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ БОЛЖ БАЙНА

“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсад эмнэлгийн инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд “Биоанагаахын инженерчлэлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний II хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус хуралд найман орны эрдэмтэн, судлаач, биоанагаахын инженерчлэлийн салбарын мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд Эмнэлэг, биологийн инженерчлэлийн олон улсын холбоо буюу IFMBE-ийн төлөөлөл, гадаадын их, дээд сургуулийн профессор, судлаачид хүрэлцэн иржээ.

Хурлаар хиймэл оюун ухаан, эмнэлгийн дүрслэл, био мэдрэгч, эмнэлгийн робот, клиник инженерчлэл зэрэг чиглэлийн шинэ судалгаа, технологийн талаар хэлэлцэж, салбарын туршлага солилцож байна.

Оролцогчид биоанагаахын инженерчлэлийн шинэ технологи нь зөвхөн эрдэм шинжилгээний түвшинд үлдэх бус, бодит бүтээгдэхүүн, систем болон хөгжиж, өвчтөнд хүрэх нь чухал гэдгийг онцолж байлаа.

Хурлын хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, дижитал эрүүл мэндийн технологийн үзэсгэлэн мөн ажиллаж байна. Үзэсгэлэнд БНСУ-ын Вонжү хотын зургаан компани оролцож, бүтээгдэхүүн, технологио Монголын зах зээлд танилцуулан, эмнэлгийн байгууллага, ханган нийлүүлэгчидтэй бизнес уулзалт хийж байгаа юм.


Мөн “Medical AI Semiconductors” төслийн хүрээнд Монгол, БНСУ-ын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөх үйлчилгээ, уулзалтууд зохион байгуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Шинэ тоног төхөөрөмж, технологи нэвтрэхийн хэрээр түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх мэргэшсэн инженерүүдийн чадавх ч мөн чухал хэвээр байна. Энэ чиглэлээр БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан буюу KOFIH Монголын биоанагаахын инженерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, БНСУ-д суралцсан төгсөгчдийн туршлагыг бусад инженерүүдэд түгээх хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ийнхүү биоанагаахын инженерчлэлийн салбарын 30 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ, шинэ технологи нэвтрүүлэхээс гадна инженерүүдийн мэргэжлийн чадавх, олон улсын хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх ажлууд үргэлжилж байна.

Салбарын 30 жилийн ойг онцлох дараагийн томоохон арга хэмжээний нэг болох “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO 2026” олон улсын үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд M Bank Arena-д 27 дахь удаагаа зохион байгуулагдах юм.