Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан “Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний Явуулын оффис ажиллаж байна. Тус оффис өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын гадна талбайд ажиллажээ. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газраас олон нийтэд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, цахимаар хүсэлт гаргах болон хиймэл оюунд суурилсан чатбот ашиглахад дэмжлэг үзүүлэн, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авсан байна. Явуулын оффис ажиллаж эхэлснээс хойш Гадаадын иргэн, харьяатын газар 50 орчим хүнд зөвлөгөө, мэдээлэл өгснөөс гадна зургаан хүнд иргэний өргөдлийг хүлээн авчээ.
Явуулын оффис өнөөдөр Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Улиастайн автобусны буудал дээр ажиллах аж. Харин маргааш Хан-Уул дүүргийн Өлзийт хороо, пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн “Бэлх” гадна талбайд ажиллана. Тэгвэл баасан гарагт СХД-ийн Авто худалдааны цогцолбор, 29-нд “Эмээлт” захын зогсоол, 30-нд БЗД-ийн “Өгөөмөр” зах дээр тус тус ажиллана.