Нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөн нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал өсөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлж, 06.20-22.00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ талаар “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирал С.Баттулгын мэдээлснээр, хичээл сургууль эхэлж, иргэдийн зорчилт нэмэгдэхтэй холбоотойгоор автобусны техникийн бэлэн байдал, жолоочийн хангалт, сэлбэг хэрэгслийн нөөц, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа аж.
Тус байгууллага өвлийн цагийн хуваарийн хүрээнд нийтийн тээврийн 12 чиглэлд нийт 91 автобусаар үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ. Автобусуудын техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, шаардлагатай засвар үйлчилгээг үе шаттайгаар гүйцэтгэн, өвлийн улиралд тасралтгүй үйлчилгээнд гарах бэлэн байдлыг хангаж байгаа юм.
Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагчдын аюулгүй зорчилтыг хангах сургуулийн автобусны үйлчилгээнд мөн бэлтгэлээ хангажээ. Сургуулийн зориулалтын найман автобусанд засвар үйлчилгээ хийж, техникийн үзлэг, оношилгоонд оруулсан бөгөөд эдгээр автобус найман чиглэлд үйлчилж, өдөрт дунджаар 1000 гаруй сурагчид үйлчлэх боломжтой аж.
Сурагчдын автобусны хувьд аюулгүй байдал, тав тухыг нэн тэргүүнд тавьж, автобусуудыг стандартын шаардлага хангасан, цэвэр цэмцгэр орчинд үйлчилгээнд гаргахын зэрэгцээ мэргэшсэн, туршлагатай жолооч нарыг ажиллуулахаар зохион байгуулж байна.
Өвлийн улиралд автобусны хэвийн ажиллагаанд цаг агаарын нөхцөлөөс гадна техникийн бэлэн байдал, сэлбэг хэрэгслийн нөөц чухал байдаг. Тиймээс тус байгууллага их багтаамжийн "Yutong ZK6116HG" загварын 95 автобус, "Dongfeng" загварын сургуулийн найман автобусыг өвлийн улиралд хэвийн ажиллуулахад шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлсэн байна.
Мөн автобусуудын өдөр тутмын техникийн хяналт, үзлэг үйлчилгээг тогтмол хийж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эвдрэл гэмтлийг тухай бүр илрүүлэн засварлах замаар үйлчилгээнд гарах автобусны найдвартай ажиллагааг хангахаар ажиллаж байгаа аж.
Зөвхөн техникийн бэлэн байдлаас гадна жолооч, техникийн ажилтнуудын нөөц, бэлэн байдлыг ч анхаарч байна. Өвлийн улиралд цаг агаар болон замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан нийтийн тээврийн хэвийн үйлчилгээнд хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг тул шаардлагатай сэлбэг, засвар үйлчилгээний нөөцөөс эхлээд жолооч, техникийн ажилтнуудын бэлэн байдлыг цогцоор нь хангаж байгаа юм.