Нийгэм

40 ДЭХ УДААГИЙН “BARILGA EXPO” ЕСДҮГЭЭР САРЫН 11-13-НД БОЛНО

40 ДЭХ УДААГИЙН “BARILGA EXPO” ЕСДҮГЭЭР САРЫН 11-13-НД БОЛНО

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдана.

Жил бүр барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхждэг намрын улиралд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн энэ жил салбарын 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

Энэ удаагийн “BARILGA EXPO”-оор Монголын барилгын салбарын өнгөрсөн 100 жилийн ололт амжилтыг танилцуулахаас гадна ирэх 100 жилийн хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг онцлон харуулах юм.

Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг улсаас салбартаа тэргүүлэгч 100 гаруй компани, дотоодын 400 гаруй аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчид оролцоно.

Үзэсгэлэнгээр шинэ орон сууц, хотхон, амины орон сууц, хаус, оффис, үйлчилгээний талбай, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулна.

Мөн барилгын үндсэн болон туслах материал, дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, сантехник, халаалт, агааржуулалт, цахилгаан, холбоо, дохиоллын систем, ухаалаг барилгын технологи, хүнд машин механизм, тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм.

Иргэд, хэрэглэгчид шинэ орон сууц, амины орон сууц, барилгын материал, ухаалаг систем, ногоон технологи болон дэвшилтэт шийдлүүдийг нэг дороос харьцуулан сонгох боломжтой.

Мөн “BARILGA EXPO”-ийн хүрээнд салбарын оролцогчдод зориулсан мэргэжлийн өдөр, семинар болон олон улсын бизнес уулзалтыг зохион байгуулна.

Тухайлбал:

  • Төсөл хэрэгжүүлэгчдийн өдөр – төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, захиалагч, шийдвэр гаргагчдад зориулсан төсөл, хөтөлбөрийн танилцуулга, мэргэжлийн семинар;
  • Инженер, техникийн ажилтнуудын өдөр – барилгын технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, шинэ шийдэл, хөгжлийн чиг хандлагын талаарх семинар;
  • Амины орон сууц ба дэд бүтцийн шийдлийн өдөр – амины орон сууцны төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилгын шийдлийн талаарх семинар;
  • “International Business Meeting” – дотоод, гадаадын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох бизнес уулзалт.

“BARILGA EXPO” нь оролцогч компаниудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, шинэ харилцагч, түнштэй болох боломжийг бүрдүүлдэг салбарын томоохон арга хэмжээ юм.