Нийгэм

ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ

ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээрийн дагуу хоёр орны цэргийн археологийн хамтарсан 5 дахь удаагийн экспедиц энэ сарын 3-ны өдрөөс Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь байлдааны талбарт хайгуулын ажлаа эхлүүлээд байна.

Picture3.png

Энэ удаагийн эрэн хайх ажиллагааг Монголын талаас Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий, ОХУ-ын талаас А.Б.Орлов нар удирдаж, 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хайгуулын багийнхан малтлага эхэлснээс хойш амь үрэгдсэн 20 гаруй дайчны шарилын үлдэцийг илрүүлж, хориглолтын шуудуунаас 10 нэр төрлийн 1222 ширхэг гранат, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зэвсэг олж, устган аюулгүй болгосон байна. Хамтарсан экспедицийн гол зорилго нь амь үрэгдсэн Улаан армийн дайчдын шарилыг илрүүлж, ОХУ-ын талд албан ёсоор шилжүүлэх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэх болон олдворуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чиглэдэг юм.     Эрэл хайгуулын эхний өдрүүдэд хэд хэдэн чухал олдворууд олдсон мэдэгдэхүйц үр дүнтэй байна.

 

BlockNote image

Ажлын эхний шатанд эрлийн багийнхан нэг хэсгээс хоёр дайчны шарилыг илрүүлэн малтан гаргасан бол, өөр нэг бүсээс дахин дөрвөн дайчны шарил шинээр илрүүлжээ. Одоогоор хоёр дайчны шарилыг бүрэн гаргаж аваад байгаа бөгөөд эрлийн ажил тасралтгүй үргэлжилж байна. Түүнчлэн, өмнөх эрлийн багуудын илрүүлсэн есөн дайчны шарилыг татан гаргах ажлыг гүйцэтгэсэн аж.

 Эрэл хайгуулын багийнхан тулалдаанд оролцсон дайчдын шарилаас гадна зэр зэвсэг, сум хэрэгсэл болон дайны үеийн бусад түүхэн эд зүйлсийг олж илрүүлж байна. Сонирхол татсан олдворуудын нэг нь тухайн үед тулалдаанд ашиглагдаж байсан танкийн гинжний хэсгүүд байв. Эдгээр нь чухам ямар загварын байлдааны машинд хамаарахыг мэргэжилтнүүд нарийвчлан тогтоох бөгөөд урьдчилсан таамгаар уг гинж нь Японы танкийнх байж болзошгүй хэмээн үзэж байна. Олдвор бүр нь түүхэн ой санамжийг хадгалан хамгаалах, Халхын голын тулалдаанд оролцсон дайчдын мартагдсан нэрийг түүхэнд эргэн мөнхлөхөд чиглэсэн бас нэгэн чухал алхам юм.

 

BlockNote image

Уг хээрийн судалгааг «Орос, Монгол: Мөр зэрэгцэн 105 жил» төслийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн грантын сангаас олгосон дэмжлэгтэйгээр «Цаг үе, үе удмын холбоо» сан хэрэгжүүлж байгаа бөгөөд Оросын эрэл хайгуулын хөдөлгөөн дэмжин ажиллаж байна.