Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-наас тарвага агнах, барихтай холбоотой хууль, журам болон энэ онд хэрэгжих зохицуулалтын талаар мэдээллээ. БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын шинжээч Д.Сонин-Эрдэнэ хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд хууль бус ан агнуурын зөрчил буурахгүй байна. Илрүүлж буй зөрчлийн 50 орчим хувь нь тарвага агнах, барих, дамжуулан худалдахтай холбоотой байна" гэв. Амьтны тухай хуульд заасны дагуу тухайн жилд судалгаа, нөөцөд үндэслэн ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоон баталдаг. Иргэд тарвагыг наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15-ны хооронд хуульд нийцүүлэн агнах боломжтой. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийн бичгийг авч, амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл гэсэн долоон аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл олгож, тодорхой тооны тарвага агнуулах эрх олгож байгаа аж.
Гэхдээ тухайн аймагт хуваарилсан агнуурын тоо хэмжээний хүрээнд л тарвага агнах бөгөөд иргэд заавал эрхийн бичгээ авч, холбогдох төлбөрөө төлсөн байх ёстой. Харин бусад аймгийн нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар тарвага агнах, барих зөвшөөрөл олгохгүй. Мөн хуульд заасны дагуу агнасан амьтны гаралтай эд зүйлсийг худалдах, худалдан авах тохиолдолд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай. БОУАӨЯ-ны мэдээлснээр Байгаль орчны улсын хяналтын газраас жил бүр амьтны хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж боловсруулж, орон нутагт хүргүүлэн улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулдаг байна. Сүүлийн гурван жилийн хяналт шалгалтын дүнгээр хууль бус ан агнууртай холбоотой зөрчил буураагүй. Үүний дотор тарвагатай холбоотой зөрчил өндөр хувийг эзэлжээ.