Нийгэм

“WORLDSKILLS SHANGHAI-2026” ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД БАРИЛГЫН СҮЛЖЭЭНИЙ ШИЛДЭГ БАГ ОРОЛЦОНО

“WORLDSKILLS SHANGHAI-2026” ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД БАРИЛГЫН СҮЛЖЭЭНИЙ ШИЛДЭГ БАГ ОРОЛЦОНО

БНХАУ-ын Шанхай хотод есдүгээр сарын 22-27-нд зохион байгуулагдах WorldSkills Shanghai 2026 тэмцээнд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэх 12 мэргэжлээр оролцоно. Тэмцээнд оролцох Монголын багийнханд Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Төрийн далбааг гардууллаа. Дэлхийн ур чадварын тэмцээн нь мэргэжлийн ур чадварын түвшнийг олон улсын хэмжээнд тодорхойлох томоохон арга хэмжээ бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын төлөөлөл оролцож байна.

Picture5.png

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын багийнхан тус тэмцээнд оролцсоноороо мэргэжлийн болон техникийн боловсролд суралцагчдын ур чадвар, салбарын хөгжлийн түвшнийг дэлхийд харуулах хариуцлагатай үүрэг хүлээж байгааг онцоллоо. Энэ жилийн WorldSkills Shanghai 2026 тэмцээнээр ирээдүйн шинэ мэргэжил, ажлын байр, дижитал технологи, ногоон хөгжлийн чиглэлд түлхүү анхаарч байгаа юм. Түүнчлэн Монгол Улс тус тэмцээнд оролцохын зэрэгцээ төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 200 гаруй төлөөлөгч, дэмжигч оролцохоор бүртгүүлжээ. Мэргэжлийн ур чадварыг дэлхийн түвшинд хөгжүүлэх нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэх, цаашлаад улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарынхан онцолж байна. Монгол Улс мөн 2027 онд WorldSkills International байгууллагын Ерөнхий Ассамблейг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөжээ. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү уралдаан нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, залуус олон улсын стандартаар өөрсдийгөө сорьж, ирээдүйн ур чадварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах томоохон платформ юм.

WorldSkills-д оролцсоноор:
• Олон улсын стандартыг сургалтад нэвтрүүлэх
• Багш, экспертүүдийн чадавхыг дээшлүүлэх
• Боловсрол, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Шинэ технологи, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох
• Мэргэжлийн боловсролын үнэ цэнийг залууст таниулах боломж бүрдэнэ.

Энэхүү тэмцээнд дараах ур чадварын тэмцээн зохион байгуулагдана.

  1. Барилга, бүтээн байгуулалт

  2. Мэдээлэл, харилцаа холбооны технологи

  3. Үйлдвэрлэл, инженерийн технологи

  4. Бүтээлч урлаг, загвар

  5. Нийгэм, хувийн үйлчилгээ

  6. Тээвэр, логистик