Нийгэм

"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ"

Сүүлийн өдрүүдэд улсын эмнэлгүүдэд "Фентанил" буюу мэдээгүйжүүлэгч, унтуулгатай хагалгаанд орох үед хэрэглэдэг тариа тасарсан гэх мэдээлэл гарсан. Үүссэн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар  "Фентанил тарианы хүртээмж буурснаас  тасалдсан зүйл огт байхгүй. Мөн яаралтай мэс засал хуваарийн дагуу хийгдэж байгаа. Энэ сарын 16-ны өдөр эмнэлгүүдэд 3000 ширхэг ампул нийлүүлсэн. Уг тариаг Монгол Улсад ганц компани үйлдвэрлэдэг, өөр байгууллага импортоор оруулж ирэхийг хориглодгоос гадна ерөнхий гэрээ нь ганц л газар дээр байдаг. Тухайн байгууллагын түүхий эдийн захиалга дээр тодорхой хэмжээний асуудал гарснаас үйлдвэрлэлт нь удааширсан асуудал бий. Мөн саяхан үйлдвэрлэгч компаниас хоёр жилийнхээ нөөцийг татсан гэдгийг хэлсэн" гэлээ.Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэгээс уг асуудлыг тодруулахад "Энэ сарын 20-ноос нэг сарын хэрэглээг бүтэн авна. Сарын хэрэглээ болох 20 мянган ширхэг тарианаас гадна 10 мянган ширхэг тариаг нэмж захиалсан. Монголоос өөр зарим улсад хүртэл энэ тариа хомсдол үүссэн.гэлээ. Гэвч бид бүхэн нөөцөөс гаргаж эмнэлгүүдэд нийлүүлж байгаа. Угтаа бол тариа тасалдаагүй, хомсдол үүссэн нөхцөлтэй байна. Гэхдээ нийлүүлэлт энэ сарын 20-ны өдрөөс хэвийн горимд шилжинэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үүссэн асуудал бол тус эмнэлэг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 86 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа. Тус эмнэлэг өр төлбөрийг барагдуулах ёстойгоос гадна энэ сарын 16-ны өдөрт эмнэлэгт 50 ширхэг тариаг нийлүүлсэн. Одоогоор төлөвлөгөөт яаралтай хагалгаанууд хэвийн үргэлжилж байгаа" гэсэн юм. Фентанил бол өвдөлт намдаахад голчлон ашиглагддаг хүчтэй синтетик опиоид юм. Энэ нь морфиноос ойролцоогоор 50-100 дахин хүчтэй бөгөөд мэс заслын дараа эдгэрч буй эсвэл опиоид тэсвэртэй өвчтөнүүдийн архаг өвдөлттэй тэмцэж буй жишээлбэл, хорт хавдартай холбоотой өвдөлт өвчтөнүүдэд ихэвчлэн хэрэглэдэг. Фентанилыг наалт, шахмал, тарилгын уусмал зэрэг янз бүрийн хэлбэрээр авах боломжтой тул янз бүрийн эмнэлгийн хэрэгцээнд олон талын хэрэглээтэй болгодог аж.