Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир буланд баавгай айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, суурин газраас алслагдмал орших айлд баавгай орж, 40 гаруй насны эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон байна. Мөн 50 орчим насны эмэгтэй гэмтэж, биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ.
Иймд иргэдийг баавгайтай таарсан тохиолдолд өөрийн аюулгүй байдлыг хангаж, тухайн газраас нэн даруй холдон, холбогдох байгууллагад мэдээлэхийг анхаарууллаа.