Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хархорин суманд ажиллах үеэрээ “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөлтэй танилцлаа.Олон жил усгүй байсан 80 га талбай бүхий нуурын хотгорыг усаар дүүргэж, Хөгшин Орхон гол руу цутгадаг байсан урсацыг сэргээх, Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээн Орхон голд эргэж цутгах, нуурын орчны тохижилтыг хийх зэрэг олон ажлыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК хамтран Ерөнхийлөгчийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд, “Хэлтгийн цагаан нуур”-ын эко системийг сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох, нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Шинэ Хархорум хотын хойд талд оршдог Орхон голоос эх авдаг Хэлтгийн цагаан нуур нь эрт дээр үед усны сүлжээний гол цэг байв. Өдгөө тус нуурыг сэргээхийн тулд усны инженерүүдийн боловсруулсан шийдэл, зураг төслийн дагуу 1956 онд барьсан Хархорины усалгааны системийн үлдэгдэл 17 км шуудууг сэргээн засварлаж цэвэрлэн Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татжээ.