Нийгэм

МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ

МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ

Монгол Улсын тусгаар тогтнол, эх орон, үндэсний бахархлаа бэлгэдэн, Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлэх үйл ажиллагааг 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм.

Тодруулбал, энэ өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, 11:40 цагт Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэх юм. Оролцогчдыг 11:00 цагаас эхлэн цуглахыг уриалжээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа орчинд нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой юм.

Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалга хүргүүлж, аравдугаар сарын 20-ны өдөр өөрсдийн ажиллаж буй хот, аймаг, орон нутгаас сурвалжлага, шууд дамжуулалт бэлтгэн олон нийтэд хүргэхийг хүсжээ.

Зохион байгуулагчдын зүгээс оюутан залуус, эцэг эхчүүд, ахмад буурлууд болон нийт иргэдийг үндэсний дээл хувцсаараа гоён, төв талбайдаа хүрэлцэн ирж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриаллаа.