Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.