Улс төр

АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын албан тушаалаасаа огцорлоо

АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын албан тушаалаасаа огцорлоо
Ардчилсан намаас  энэ сарын 25-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ.  Тодруулбал, УИХ-ын энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн тул дүрмийн дагуу намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний оронд томилогдох намын даргын сунгаа 90 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд түүний албан тушаалыг түр хаших юм.

С.Эрдэнэ, "Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаа оноотой шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж ажиллаж чадаагүй нь сонгуулийн боломжийг алдсаных.

Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Туваанд шилжүүлж байна." гэсэн байна.