Улс төр

УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Тэрбээр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу долоодугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Тус заалтад, "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан төсөлд:

  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам тус тус байхаар тусгасан байна.

Хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжлээ. Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.