Нийгэм

Боловсролын салбарт шинэчлэл хийх зорилготой реформ хөдөлгөөний төлөөлөлтэй уулзлаа

Боловсролын салбарт шинэчлэл хийх зорилготой реформ хөдөлгөөний төлөөлөлтэй уулзлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбарын хөгжилд өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэлтэй салбар бүрийн төлөөллийг нэгтгэсэн реформ хөдөлгөөний төлөөллийг урьж уулзлаа. Боловсрол бол зөвхөн ганц яамны биш нийгмийн асуудал гэж үздэг, энэ агуулгаар боловсролын шинэчлэлийг хууль тогтоогч, бодлого боловсруулагч, боловсролын хэрэглэгч бизнес эрхлэгч, эцэг, эхчүүд бүгд хийх ёстой гэдгийг ойлгодог, тэдний оролцоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэдэг байх, хамгийн гол нь боловсролын хэтийн зорилго, зорилтыг зөв тодорхойлж, хэрэгжүүлдэг болох талаар Боловсролын реформ хөдөлгөөний төлөөлөл ярилаа.



Мөн Төрийн өмчийн их сургуулийн бие даасан байдлыг хангах, засаглалыг шинэлэг хэлбэрээр ажиллуулах, салбарын тоо мэдээлэл тодорхой биш, нууцлагдмал байдаг, тэдгээр тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шийдэл бүхий хэлэлцүүлэг өрнүүлэх  шаардлагатай байгааг онцолж ярив.

Сайд Л.Цэдэвсүрэн улсын хөгжил, салбарын хөгжлийн төлөө санаа нэгдэн санаачилгатай ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ. Боловсролын салбарт хийхээр төлөвлөж буй хэд хэдэн асуудал дээр нэгдмэл санаатай байгааг онцлоод төсөв, хөрөнгө шаардагдахгүй, зохион байгуулалтын хувьд засан сайжруулах боломжтой ажлуудыг салбартаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг зөвлөв. Салбар салбарын мэдлэг, чадвартай, гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, судалгааны ажилд мэргэшсэн, менежментийн туршлагатай залуучууд сайдын ажилд тусалж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.