Улс төр

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Хатантуулын бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. 

Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлгүүдэд бэлтгэх, холбогдох асуудлаар өнөөдөр (2020.07.30) өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Хуралдаанд  төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нараас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.