Улс төр

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5,600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийгээд байна. Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Дархан-Уул аймагт тэг зогсолт хийн 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Хэнтий аймгийн сэжигтэй 10, Ховд аймгийн хоёр тохиолдолд хийсэн шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ. Улаанбаатар хотод замын хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр халдвар тархах эрсдэл үүсч байгаа учир иргэдийг аль болох гэртээ байхыг санууллаа. Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн байна. Эдгээрийн 3,000 нь БНСУ, 250 нь Европын Холбооны Улс, үлдсэн нь бусад улсад байгаа гэсэн судалгаа гарчээ. Тасалбараа авсан, тусгай үүргийн нислэгт багтахаар явж байгаад замдаа өөр улсад саатсан зэрэг шалтгаантай иргэдийн судалгааг нягталж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.