Орон нутаг

Сэлэнгэ аймагт самар түүх зорилгоор очсон иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж байна

Сэлэнгэ аймагт самар түүх зорилгоор очсон иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж байна

11 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн Онцгой комиссын мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

Ээлжит мэдээллээ та бүхэндээ хүргэе.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нөхцөл байдал амаргүй хэвээр байна гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлон хэлье. 3 суманд тахалын тохиолдол илэрч батлагдсан. Эдгээр сумдын онцгой комиссууд, төрийн албан хаагчид энэ аюулын голомтыг илрүүлэх, цааш тархахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авахын төлөө 24 цагаар ажиллаж байна.

Та бүхэн сая 11.00 цагийн улсын мэдээгээр Сэлэнгэ аймагт 124 тохиолдол бүртгэгдсэнийг сонссон байх. Нийт батлагдсан 124 тохиолдлын 47 иргэнийг түргэвчилсэн болон вирусын /PCR/ шинжилгээгээр, 77 иргэнийг ойрын хавьтлаас тандалт судалгаа, шинжилгээгээр илрүүлсэн. Эндээс харахад тохиолдлын ихэнх нь анхны тохиолдлуудын ойрын буюу 1 дүгээр хавьтагчид, тэдгээрийн ойр тойрны хүмүүс байна. Дээрх тохиолдлуудыг сумдаар нь тодруулж хэлбэл Сүхбаатар суманд 119 тохиолдол, Мандал суманд 3 тохиолдол, Алтанбулаг суманд 2 тохиолдол тус тус батлагдаж ХӨСҮТ-д эмчилгээнд шилжээд байна. Шинээр илэрч батлагдсан 26 тохиодол бүгд Сүхбаатар суманд батлагдсан. Бид Сүхбаатар суманд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон дэглэмийг хэвээр үргэлжлүүлж байна.

Сүхбаатар, Мандал сумдад 279 иргэн тусгаарлалтад байна.

Бусад сумдад ч хөл хорионы хатуу дэглэм хэвээр үргэлжилж байна. Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгонтой. 23 томоохон суурьшлын бүсүүдтэй. Бид зөвхөн тохиолдол бүртгэгдсэн 3 сумандаа анхаарал тавихаас гадна магадлал өндөртэй төмөр замын өртөө, зөрлөгүүдтэй Баянгол, Сайхан сум, бусад сумдад тандалт судалгааны ажлыг бас хийж байна.

Тухайлбал: өчигдөр Сүхбаатар сумын 5,6,7 дугаар багуудад түргэвчилсэн шинжилгээ авах 15 байршилд шинжилгээ авлаа. Өнөөдөр Сүхбаатар сумын 4, 8 дугаар багуудад шинжилгээ авах 10 баг ажиллаж байна.

Мөн УБТЗ-ын Сүхбаатар зангилааны нийт 657 ажилчдаас 430 ажилчдыг вирусын /PCR/ шинжилгээнд хамрууллаа. Өнөөдөр үлдсэн 227 ажилчдыг бүрэн хамруулахаар ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн шинжилгээндээ хамрагдаж иргэнийхээ журамт үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

Та бүхэндээ дахин дахин хэлэхэд энэ бол хэнд ч хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюулт өвчин болохоос гэмт хэрэг биш. Та бүхэн айж, ичиж зовох шаардлага байхгүй шүү гэдгийг онцлон хэлье.

Нийт иргэд та бүхэн гэрийн дэглэмээ сахиж, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж сонор сэрэмжтэй байгаарай.

Аймгийн хэмжээнд ариутгалын ажил тогтмол хийгдэж байна. Зоонозын өвчин судлалын төв төмөр замын тээвэр зуучийн барилга байгууламжид ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан цагдаагийн харуул хамгаалалт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд голомтын болон урьдчилан сэргийлэх чиглэлээр 659.9 мянган мкв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Ерөө суманд самар түүх зорилгоор очсон  иргэдийг тухайн бүс нутагт нь цагдаа, хяналтын байгууллагын харуул хамгаалалттайгаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийж, буцаах ажлыг зохион байгуулж байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-ын талд байгаа 93 олон улсын ачаа тээврийн хэрэгслийг хилийн боомтоор татан нэвтрүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байууллагатай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулж байна.

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 8 гал тэрэг, 123 вагон, 3 ажилтан, гарах чиглэлд 6 галт тэрэг, 183 вагон, 4 ажилтан тус тус улсын хилээр нэвтэрлээ.