Манай улсад 941 аж ахуйн нэгж байгууллага нийт 2 900 аад нэр төрлийн 67 мянга гаруй тн химийн бодисыг хэрэглэж байгаа судалгааны дүнг МХЕГ энэ онд гаргасан юм. Мөн 2010-2019 онд химийн хорт бодис болон аюулгүй бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах нийт 4058 зөвшөөрөл олгожээ. Химийн хорт болон аюултай бодис нь зориулалтын сав, баглаа боодол, стандартын шаардлага хангасан хаяг, шошготой байна гэж заасан ч бодит байдал дээрээ нэр хаяг, гарал үүсэл, хугацаа нь тодорхойгүй маш олон төрийн химийн хорт болон аюултай бодис хадгалагдсаар байна. Тухайлбал Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь хилийн боомтын Гаалийн газрын түр агуулахад хаяг шошгогүй, экспортлогч улсын бичиг баримт баримт дутуу, тусгай зөвшөөрөлгүй, улсын хилээр хураагдсан 18 төрлийн, Архангай аймагт 436 төрлийн, Орхон аймагт 1300 гаруй төрлийн хорт бодис байгаагаас устгах шаардлагатай 6 800 кг хуурай, 135 л шингэн бодис хадгалагдаж байна. Мөн нийслэлийн Налайх дүүрэг дэх 1950-аад онд байгуулагдсан шилний үйлдвэрт ашиглаж байсан 56 тн хорт бодис агуулахад нь байдаг байна. Эдгээр бодисыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэргүй, зориулалтын агуулах, байгууламж байхгүйг төр анхаарч, тусгай хэрэгцээний газрыг шуурхай шийдэж, хог хаягдал шатаах үйлдвэр байгуулж ажиллах шаардлагатай байгааг МБОИЗ мэдэгдлээ. Химийн хорт болон аюултай бодис хадгалагдах тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний уршгаар хүн ам олноороо амь насаа алдах, аюулт өвчин эмгэг үүсэх, тархах, удамшил генд нөлөөлөх бодит эрсдэл ойрхон байна гэлээ.
Улаанбаатар хотод хог хаягдал булшилдаг хоёр газрын нэг нь Нарангийн энгэр. Өнгөрсөн онд нээгдсэн Нарангийн энгэр 33 га газар том талбайг эзэлдэг. Японы Жайка төслийн санхүүжилтээр баригдсан тус газар хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан хог хаягдлыг устгадаг гэх тодотголтой. Гэвч өнөөдөр энэ газар технологийн дагуу ашиглагдахгүй, хогийг ангилахгүйгээр булшилсан хэвээр байна гэж доктор Б.Эрдэнээ мэдэгдлээ. Хог хаягдыг шатаах үйлдвэрийг байгальд нөлөөгүйгээр барьж ашиглах технологи, шийдэл хэдийнэ гарчхаад байхад манайд мэдлэггүйгээс дээрх бэрхшээлүүд хуримтлагдсаар аюулын хэмжээнд хүрч буйг тэд анхааруулж байгаа юм.Нийгэм