Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Бүхнийг хүүхдийн төлөө” уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна.

Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна.

“Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ.

Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм.

Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг. Та бүхэн эх орныхоо ирээдүйн төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт миний бие итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын маань үрс улам олон болж, жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалаас монгол бичгээр бичиж, “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаанд зориулан хандивлаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалын “…Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг” хэмээх хэсгийг монгол бичгээр бичжээ.