Нийгэм

Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн талбайд 200 ширхэг мод тарилаа

Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн талбайд 200 ширхэг мод тарилаа
“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” мод тарих үндэсний өдрийг угтан “Мод тарих нь чухал. Тарьснаа арчилж ургуулах нь бүр чухал” уриан дор нэг сарын аяныг зохион байгуулж, сэтгүүлч, иргэд мөн хүүхэд багачууд гэсэн гурван чиглэлд ажиллажээ.
 Тухайлбал сэтгүүлчдийг мэргэжлийн байгууллагынхантай холбож, мэдээлэл, туршлагаас хуваалцаж, сошиал орчинд мод тарих цуврал зөвлөгөөг бэлтгэн хүргэсний дээр “Байгальд ээлтэй-Ногоон орчин” төслийг санаачлан Баянзүрх дүүргийн тэргүүний 62 дугаар цэцэрлэгийн талбайд 200 ширхэг тарьц суулгаснаар уг санаачлагынхаа шанг татсан байна.
 Тус холбоо, нийслэлийн "Мод модлог ургамлын үржүүлэг" компанитай хамтран Баянзүрх дүүргийн тэргүүний 62 дугаар цэцэрлэгт 200 мод хандивлаж, тарилаа.
 "Мод модлог ургамлын үржүүлэг" компанийн захирал Ж.Бат-Ундрах "Аав минь ойн инженер хүн. Бид 30 гаруй жил модны үрсэлгээ, худалдаа хийж байгаа. Нийт 15 төрлийн модны үрсэлгээ хийдэг. Хүмүүсийн мод тарих, талбайгаа тохижуулах хандлага эрс нэмэгдсэн. Энэ жил коронавирусээс болоод БНХАУ-аас мод орж ирэхгүй, дотоодын мод борлуулалт сайн байна. Манай компанийн хувьд байнгийн үйлчлүүлэгчтэй, ихэнхи модоо борлуулж дууссан. Мод үржүүлэх ажил амаргүй, үрээ тариад 2-3 жилийн дараагаас борлуулах хэмжээнд хүрнэ. Олон жилийн хөдөлмөр орно. Гэтэл зарим хүмүүс ийм жижигхэн гэх зэргээр голдог. Суулгац жижиг тусмаа дасан зохицох чадвар сайн байдаг. Гол нь модныхоо үндэсийг гэмтээлгүй авч суулгах, сайн усалж арчлах хэрэгтэй. Арчилгааг тогтмол хийвэл сайн ургана. Тарихдаа ч мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авах хэрэгтэй" гэж зөвлөлөө.
 
“Байгальд ээлтэй-Ногоон орчин” төсөл нь хотын захын сургууль, цэцэрлэгийн талбайг моджуулах, эко орчин бүрдүүлэх, цаашлаад хүүхэд багачуудыг байгаль орчинд ээлтэй,хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ төслийг цаашид жил бүрийн хавар, намар нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын сургууль цэцэрлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Модыг зөвхөн тариад орхих биш, ургуулахад анхаарч, эргэх холбоотой ажиллаж, үр дүнг олон нийтэд мэдээлснээр төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэж Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооныхон үзэж байна.