Урлаг спорт

БСШУСБХ: Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

БСШУСБХ: Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын13-ны өдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, иргэд байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Үүнд, Засгийн газар нь төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах заалтыг шинээр нэмж тусгасан байна. Түүнчлэн аймаг, нийслэл, сумын музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг судлах, сурталчлах чиг үүрэгтэй байхаар, музейн үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжүүлэх үүрэгтэй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Музей нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хандив, тусламж авч болох, музейн санхүүжилт, хандив, тусламжийн эх үүсвэр хуульд нийцсэн, ил тод байх зэрэг заалтыг шинээр нэмж тусгасан гэв.

Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг тодорхой болгож, музей нь соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага байхаар саналын томьёоллыг боловсуулсан байна. Музейн дүрэмд заасан бол үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм болон музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын соёлын асуудал эрхэлсэн гишүүн тус тус батлахаар тусгасан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, зарим тодруулгыг хийлээ. Музейн зэрэглэлийн талаар Ё.Баатарбилэг гишүүн тодруулсан бол музейн сан хөмрөг дэх бүтээлүүдийг дэлгэх, олон нийтэд үзүүлэх бололцоог бүрдүүлэх асуудлыг П.Анужин гишүүн хөндөж, музейн үзмэрийг шилжүүлэх, зарах эрх үүрэгтэй холбоотой зохицуулалтыг өргөтгөн, музей хоорондын хамтын ажиллагааны талаар зарчмын зөрүүтэй санал гаргахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Чинзориг музейн хадгалалт, хамгаалалтын талаар тодруулж, музейн ажилтнуудын нийгмийн асуудлаарх зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин музей бүрд орон нутгаасаа үзмэр худалдан авах төсвийг суулгах асуудлыг хуульчлах талаар санал хэлж байлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй бол төслийн 3 дугаар зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна” гэсэн доор дурдсан агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг “музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг;” хэмээн өөрчлөн найруулахыг, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 5.5 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 5.5, 5.6 дахь хэсэг болгож, 5.6, 5.7 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох зохицуулалт бүхий төслийн 5 дугаар зүйлийн 5.8 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 16, 19 дүгээр зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэсэн. Мөн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ийнхүү Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.