Улс төр

Амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсанд уучлалт хүслээ

Амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсанд уучлалт хүслээ

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирус илэрч, түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ёс зүйгүй, хүнлэг бус үйлдэл гаргасан талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тарж, иргэдийн бухимдал, дургүйцлийг төрүүлсэн үйл явдал өчигдөр болсон.

Тодруулбал, төрөөд удаагүй эмэгтэйг өвлийн хүйтэнд гэрийн шаахай, халаадтай нь машинд шилжүүлэн суулгасан үйлдэл болжээ. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга Я.Содбаатар цахим хуудсаараа дамжуулан тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүслээ.

Тэрбээр цахим хуудсандаа, "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. 

Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" гэжээ.

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-...

Нийтэлсэн Sodbaatar Yangug2021.01.19, мягмар