Улс төр

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы  2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 2020 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Амарсайхан гишүүн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан бөгөөд хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүдийг хэлэлцэх үе шат өөрчлөгдөж, Байнгын хороодын тоо нэмэгдсэн. Улсын Их Хурал дахь аливаа намын бүлэг цөөхөн гишүүдтэй тохиолдолд уг бүлгийн бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд нөлөөлж байгаа гэж төсөл санаачлагч үзсэн байна. Улсын Их Хурлаар чанартай, зөрчил, хийдэлгүй хууль тогтоомж батлахад намын бүлгийн ажлын алба гол үүрэг гүйцэтгэдэг тул ажлын албыг чиг үүргийн хувьд хүрэлцэхүйц тооны ажилтантай байх шаардлага зүй ёсоор үүссэн болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоож өгснөөр бүлгүүдийн тэнцвэртэй ажиллах, Улсын Их Хурлын гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Төслөөр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн ажлын албаны ажилтны орон тооны доод хязгаарыг тогтоох, хууль үйлчилж эхлэх хугацааг зохицуулахаар тусгажээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Дээрх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар санал хэлсэн байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсан. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.