Нийгэм

"Хятад вакцин үр дүн муутай гэдэг нь буруу ойлголт"

"Хятад вакцин үр дүн муутай гэдэг нь буруу ойлголт"

Сүүлийн өдрүүдэд Хятадад үйлдвэрлэсэн вакцины үр дүнгийн талаар эргэлзээтэй мэдээллүүд их гарч байна. Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу Бямба гариг (2021.04.10)-т хэвлэлийн хурлын үеэр тус улсын дотоодын үйлдвэрийн вакцинууд үр дүн тааруу байгааг хүлээн зөвшөөрч, илүү сайжруулахын тулд хооронд нь холих хэрэгтэй гэж ярьсан хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн юм.

Гэтэл нэг хоногийн дараа тэрбээр энэхүү мэдээлэл нь ташаа болохыг тэмдэглээд, "Хятадын вакцин үр дүн багатайг хүлээн зөвшөөрлөө" гэсэн ташаа тайлбарыг няцааж, түүний ярьсан зүйлийг буруу ойлгохгүй байхыг сануулан, Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд дахин ярилцлага өгчээ.

"Нэг хүнд өөр төрлийн хэд хэдэн вакциныг тодорхой шат дараалалтайгаар тарих нь үр дүнг сайжруулах магадлалтай"

 

Дэлхийн олон улсын эрдэмтэд “Covid-19”-ийн эсрэг төрөл бүрийн вакцинуудын үр дүнг нэмэгдүүлэхээр санал солилцож, судалгаа шинжилгээ хийж байгаа энэ үед Гао Фу вакцинжуулалтын процедурыг илүү нарийн тохируулах, тухайлбал өөр төрлийн вакцинуудыг хольж тарих зэрэг аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн гэдгээ “Global Times”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй гэв.

Covid-19 цар тахлын эсрэг вакцинуудыг дэлхий дахинд асар түргэн хугацаанд яаралтай гаргаж авсан учраас аливаа вакцины үр дүн улс, орон бүрт харилцан адилгүй байгаа гэдгийг мөн онцолсон байна. Тиймээс дэлхийн эрдэмтэд вакцины үр дүнг хэрхэн яаж сайжруулах талаар илүү нарийвчилж судлах зайлшгүй шаардлагатай байгаа гэж ярьжээ.

Гао Фу тухайн хүнд тарих вакцины тунгийн тоо болон тэдгээрийн хоорондын хугацааг өөрчлөхөөс гадна нэг хүнд өөр төрлийн хэд хэдэн вакциныг тодорхой шат дараалалтайгаар тарих нь үр дүнг сайжруулах магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь дан ганц Хятад вакциныг сайжруулах тухай биш, харин бусад бүх вакцинтай хамаатай гэжээ. Мөн тэр вакцины үр дүнгийн талаар ярихдаа аль нэг вакциныг нэр зааж хэлээгүй юм.

Хятадын Өвчний хяналтын төвөөс хятад вакцины эхний тунг тарьснаас хойш 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байсан учраас хоёр долоо хоногтоо багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөсөн ажээ.

Хятадын вакцинуудыг ДЭМБ дөрөвдүгээр сарын сүүлээр бүртгэх төлөвтэй байна

Хятад улсын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн бүх нийтийг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд өдгөө 160 гаруй сая хүн амыг дархлаажуулаад байна. Ингэхдээ “Синофарм”, “Синовак” зэрэг компанийн боловсруулсан нийт дөрвөн төрлийн вакциныг дотоодын дархлаажуулалтад ашиглаж буй юм. ДЭМБ “Синофарм”, “Синовак” компаниудын вакциныг дөрөвдүгээр сарын сүүлээр албан ёсоор бүртгэх эсэхийг хэлэлцэх юм байна.

           

ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото дөрөвдүгээр сарын эхээр Хятадын вакцин үйлдвэрлэгч "Синофарм", "Синовак Биотек" компаниудын бүтээсэн вакциныхаа үр дүн, аюулгүй байдлын тухай мэдээллийг тайлагнасан нь ДЭМБ-ын шаардлагад нийцсэн хэмээн мэдэгдэж байв.

 

“Синофарм”-ын вакцин "BBIBP-CorV" нэртэй бол “Синовак Биотек”-ын вакцин “CoronaVac” нэртэй юм.

Монгол Улс Хятадаас хоёр төрлийн вакцин авсан

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хятадын төрийн өмчит “Синофарм” компани болон Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн "BBIBP-CorV" вакцины 300 мянган тун вакцин хүлээн авсан юм. Тус вакцины 150 мян/хүн тун вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцсон.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хятадын биотехнологийн “Синовак Биотек” компанийн үйлдвэрлэсэн “CoronaVac” нэртэй вакцины 300 мянган тунг хүлээн авсан байна. Монгол Улс уг вакцинаас нийт 900 мянган тунг авахаар тохиролцжээ.

"Вероцелл" бол вакцины нэр биш 

 Дээрх хоёр вакцин нь хоёулаа “Verocell / Вероцелл” платформ дээр суурилсан вирусийг идэвхгүйжүүлэх /Inactivated/ аргаар гарган авсан вакцин юм. Гэтэл иргэдийн дунд уг “Синовак Биотек”-ийн вакцины нэрийг “Вероцелл” гэж андуурах тохиолдол их байна.  Албан мэдээллүүд дээр ч дээрх хоёр вакциныг "Вероцелл" гэж нэрлээд, энэ нь иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа юм.

 

“Синофарм”-ын вакцины хувьд Covid-19-ийн эсрэг 79 хувийн үр дүн үзүүлсэн бол “Синовак Биотек”-ийн вакцин дунджаар 50,4 хувийн үр дүнтэй юм. Харин ДЭМБ-аас 50 ба түүнээс дээш хувийн үр дүн үзүүлсэн вакциныг бүртгэн авдаг байна.

Мөн зарим албаны мэдээлэд "Синофарм үйлдвэрийн Синовак вакцин" гэж дурдагдаж байгаа нь буруу ойлголт юм.

“Синофарм” нь Хятадын төрийн өмчит компани бөгөөд 128 мянга гаруй ажилтан, 1100 гаруй салбартай, дэлхийн зургаа дахь том вакцин үйлдвэрлэгч юм. Хятадын үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт ашигладаг бүхий л вакциныг энэ компанид үйлдвэрлэдэг аж.

“Синовак Биотек” нь 1999 онд байгуулагдсан биотехнологийн хувийн хэвшлийн  компани бөгөөд томуу, гепатит вирус, H1N1 зэрэг өвчний вакцинуудыг үйлдвэрлэдэг байна. Мөн уг компани 2002-2003 онд дэлхий даяар SARS вирусийн халдвар тархаж байхад энэ өвчний эсрэг вакциныг дэлхийд хамгийн амжилттай боловсруулжээ.