Нийгэм

НАЙМДУГААР сараас маск зүүх шаардлагагүй

НАЙМДУГААР сараас маск зүүх шаардлагагүй

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-25 хүртэл 15 хоногийн хөл хорио тогтоосон ч хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3-4 оронтой тооноос буухгүй байгаа юм. Харин хөл хорионы үр дүн энэ долоо хоногт  гарна гэж  мэргэжилтнүүд үзжээ. МУИС-ийн судлаачид энэ удаагийн “15 хоногийн хөл хорио нь амь тариа болсон”  хэмээн дүгнэсэн байна.  Энэхүү судалгаа, тооцооллын талаар МУИС-ийн  багш, судлаач доктор  Т.Бэгзсүрэнтэй ярилцлаа.


-Хөл хориог дахин сунгах саналыг эрдэмтэд судлаачдын зүгээс тавих болсон.  Хэрэвзээ хөл хориог долоо болон 14 хоногоор сунгавал ямар үр дүн гарах вэ. Өмнөх шигээ үр дүнгүй "хоригдолт" болох вий гэж иргэд болгоомжилж байна?

-Монгол Улс вакцинжуулалтын хоёр тунг энэ оны долдугаар сарын 1-ны хийж дуусгана гэж төлөвлөөд хөл хорионы дараах дөрвөн хувилбараар тооцоог гаргасан. Үүнд,

  • Хөл хорио тогтоогоогүй байсан бол,
  • Одоогийн хугацаагаар хөл хориог цуцалбал,
  • 7 хоногоор сунгах,
  • 14 хоногоор сунгах.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг  долоо хоног сунгавал дөрөвдүгээр сарын 25-нд  хөл хориог цуцалсантай харьцуулахад нийт халдвар авч батлагдсан хүний тоо энэ оны есдүгээр сарын 1 гэхэд ойролцоогоор 70-д хүрнэ. Энэ нь 20-30 орчим мянган хүн халдвар авахаас сэргийлнэ гэсэн үг. Мөн  нас баралт  250-300-д хүрэх, гэхдээ 100 орчим хүний амь нас аварна гэж тооцоолсон.

  Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол 1000 гаруй хүн халдварын улмаас амь насаа алдах эрсдэл байсан гэсэн үг. Тэгэхээр 15 хоногийн хөл хорио тогтоосноор хамгийн багадаа 500 хүний амь насыг аварсан гэж үзэж болно. Мөн долдугаар сарын 1 хүртэл вакцины хоёр дахь тунд иргэдийг хамруулбал 180 мянган хүн халдварт өртөх байсныг бууруулж  95 мянган хүн халдвар авах тооцоолол гарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1 гэхэд хүн амын 60 хувийг дархлаажуулсан тохиолдолд вакцины нөлөөгөөр наймдугаар сар гарахад Covid-19 халдвараас айх аюулгүй, амны хаалтгүй явах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан.

-Дархлаажуулалт эхэлсэн өдрөөс хойш 600 гаруй мянган хүн вакцинд хамрагдсан. Гэхдээ вакцинжуулалтыг эрчимжүүлж, хөл хорио тогтоосон ч иргэд үр дүнд нь эргэлзэх боллоо. Та бүхний тооцооллоор ямар дүр зураг харагдаж байна?

-Хөл хорионы бодит үр дүн энэ долоо хоногийн сүүлчээр гарна.  Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь өмнө нь хөл хориогүй үед халдварын нууц үедээ байсан, эмнэлэгт хандсан, PCR шинжилгээ өгч онош нь батлагдаж байгаа юм. Энэ хугацаа нь дунджаар 7-14 хоног зарцуулж байна. Тиймээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч Covid-19 халдварын тохиолдол өндөр гарч байгаа юм биш.

Ханиад, томуу 2-3 хоногт шинж тэмдэг илэрдэг бол Сovid-19 халдвар дунджаар долоо хоног, цаашлаад 14 хоногийн дараа ч илэрч болно.  Энэ удаагийн хөл хорио бол амин чухал шийдвэр болсон. Учир нь дөрөвдүгээр сарын 5-ны тооцооллоос бодит байдал дээр халдвар тархалтын эрчим арай өндөр байна.

Судалгааг өнөөгийн халдварын нөхцөл байдлын бодит хурдаар шинэчлэн тооцохдоо Израиль улстай харьцуулж жишээ татсан. Тус улс нь  хүн амын 60-иас дээш хувийг вакцинжуулсан, халдварыг 90 дээш хувиар буруулсан туршлагатай. Израиль улсын өгөгдлийг татан авч өөрсдийн загварт оруулан тест хийж үзээд вакцины нөлөөг тооцох хэсэгт бага зэргийн сайжруулж оруулснаар таарамж буюу корреляц 85-н хувиас 94 хувь болтол өссөн. Монгол Улсын хувьд вакцинжуулалтыг эрчимжүүлж зургадугаар сарын 1-ээс өмнө иргэдээ дархлаажуулбал бид долдугаар сард Үндэсний их баяр наадмаа айдасгүй тэмдэглэж, наймдугаар сард covid-19 халдвараас салах дүр зураг харагдаж байна.