Улс төр

Н.Энхбаярын МАХН улс төрөөс нэг мөр гарч байна

Н.Энхбаярын МАХН улс төрөөс нэг мөр гарч байна

Н.Энхбаяр МАХН-ын дарга гэх албан тушаалаасаа татгалзан эрх баригч намтай гар барьснаар улс төрийн гуравдагч хүчин гэгддэг МАХН улс төрөөс нэг мөр гарч байна. 

Хэдийгээр МАХН-ыг парламентад суудалтай болгож байсан С.Ганбаатар нь өрх тусгаарлаж, намаасаа гарсан ч Н.Энхбаяр өчигдөр /2021.04.29/ МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-ыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. 

Дээр нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ганц суудал авч ирсэн С.Ганбаатар намаасаа гарснаар МАХН парламентад суудалгүй нам боллоо. Учир нь, эрх баригч намтай нэгдэх МАХН-ын дарга Н.Энхбаярын шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэл тээсэн С.Ганбаатарт таалагдсангүй. 

Гагцхүү хоёр нам эргэн нэгдэх яриа таван жилийн өмнөөс гарч эхэлсэн ч тухайн үед МАН-аас гарч, МАХН-д элсэж байсан Ч.Улаан, Б.Тэрбишдагва нар хүртэл хоёр намыг эргэн нийлүүлэхийн тулд гишүүнчлэлээ сольж байгаагаа мэдэгдэж байсан. Таван жилийн өмнө яригдаж эхэлсэн хоёр намын нэгдэл Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөхөн биелэлээ олж байгаа нь өнөөдөр улс төрийн халуун сэдвүүдийн нэг болж байна. 

Үүнээс С.Ганбаатар явж, парламентад суудалгүй болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр эрх баригч нам болох МАН-тай нэгдэж, нэг нам болох шийдэлд хүрснээр цаашид улс төрд МАХН гэх нам үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байна.