Нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглов

Нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Хотын дарга өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.1 хувьтай байжээ.

Нийслэлчүүдийн 78.3 хувь нь бүрэн тундаа хамрагдлаа

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 53515 болоод байна. Гэрийн тусгаарлалтад батлагдсан 4909 хүн бий. Ойрын хавьтал 8783 хүн байгаа. 24 цагийн хугацаанд гурван хүн нас барж, нийслэлийн хэмжээнд нас барсан хүний тоо 287 боллоо. Нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байна” хэмээн ярилаа. Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун зургаан чиглэлээр хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан юм. Үерийн далан, сувгийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд үерийн аманд 2356 айл, 315 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээрт албан шаардлага хүргүүлжээ.

Хувийн сургуулиудад биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байна

Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшил газарт нь буцаах, дүгнэлт гаргаж, танилцуулах ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү мэдээдлэл өглөө. Тэрбээр “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцуулсан бол Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын  талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал байгаа” хэмээн ярилаа. Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй байдаг. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэлээ.

125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн

Хашаа, хайс цэгцлэх, орц, гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудын талаар Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Б.Галхүү танилцуулсан. Тэрбээр “599 тэмдэг шинээр суурилуулсан. Үнэ 40 хувиар нэмэгдсэн. 30 мянган ам метр замын нөхөөсний ажил хийнэ” хэмээн танилцууллаа. Хотын дарга иргэдийг бухимдуулсан, дутуу ажил хийж болохгүй гэдгийг сануулсан юм. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын явцын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Тендер зарлаж, хоёр компани оролцсон ч шаардлага хангахгүй байсан учраас цуцалсан. Энэ долоо хоногт дахин зарлана. Нөхөн сэргээх ажлууд эхэлсэн. Энэ жил 125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн” гэсэн юм. Мөн Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Гудамж, талбайд хогийн  сав нэмж байршуулж, эзэнжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өглөө. Тодруулбал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх, хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС