Гадаад мэдээ

Оросын бие даасан сонгуулийн ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус явагдсан гэж дүгнэжээ

Оросын бие даасан сонгуулийн ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус явагдсан гэж дүгнэжээ
Гурван өдөр үргэлжилсэн энэ сонгуулийг жинхэнэ гэж үзэх боломжгүй, учир нь “Оросын Үндсэн хуульд заасан улс төрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан үндсэн заалтууд хэрэгжээгүй нөхцөлд кампанит ажил явагдсан” гэж Оросын бие даасан сонгуулийн ажиглалтын бүлэг “Голос” мэдэгджээ.
Мөн “Үндсэн хуулийн стандартад нийцээгүй ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг бид урьд өмнө хэзээ ч харж байгаагүй” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“Голос” бол 2000 онд байгуулагдсан, эрх баригчдаас хараат бус, Оросын цорын ганц сонгуулийн ажиглагч байгууллага юм. Гэвч 2013 онд “гадаадын агент” гэж цоллогдож, сонгуулийн үеэр ажиглагчаа томилох эрхгүй болсон байдаг. Тус байгууллагын удирдагчдын нэг Григорий Мелконянц одоогоор шоронд хоригдож байгаа бөгөөд шүүх хурлаа хүлээж байгаа юм.
Оросын сонгуулийн хороо санал хураалтыг нэр дэвшигчид, намууд, олон нийтийн байгууллагуудаас санал болгосон 300 гаруй мянган Оросын иргэн, түүнчлэн гадаадаас ирсэн олон зуун ажиглагчийн зохих хяналт дор явагдсан гэж мэдэгдэж байгаа.
Гэвч зарим бүс нутагт нэр дэвшигчид болон намууд ажиглагчаа илгээх боломжгүй байсан бол бусад тохиолдолд санал хураалт эхэлсний дараа ажиглагчдыг эргүүлэн татсан талаар “Голос” мэдээлсэн юм.
Санал хураалтын явцад ажиглагчдыг санал авах байрнаас гаргаж, заримд нь зарлан дуудах хуудас өгсөн бол заримыг нь саатуулж, нэгжлэг хийсэн байна.
Түүнчлэн сонгуулийн хэсгийн хороодод байсан хууль сахиулах байгууллагын ажилтнууд, албан тушаалтнууд сонгогчдын саналын хуудсыг саналаа тэмдэглэснийх нь дараа шалгасан гэх мэт сонгох эрхэнд халдсан үйлдлүүд бүртгэгджээ.
Нэг тохиолдолд Москва дахь нэг хэсгийн хорооны ажилчид орон нутгийн сонгуулийн албан тушаалтнаас битүүмжилсэн саналын хайрцгийг онгойлгож, саналын хуудаснаас нэгийг нь гаргаж өгөхийг шаардсан гэж “Голос” мэдэгдсэн.
АНУ, Герман, Их Британи болон бусад барууны орнууд санал хураалтыг чөлөөт бус, шударга бус явагдсан гэж шүүмжилж байгаа ч Кремль сонгуулийг хууль бус мэтээр харлуулах гэсэн барууны оролдлогыг утгагүй зүйл гэж үзэж байгаа юм.