Улс төр

УИХ-ын сонгуульд санал өгөх иргэд оршин суугаа хаягаараа мэдээллээ шалгах боломжтой

УИХ-ын сонгуульд санал өгөх иргэд оршин суугаа хаягаараа мэдээллээ шалгах боломжтой
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
 
УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн бэлтгэлийн явцыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар танилцуулав. СЕХ-ны даргын мэдээлснээр, УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв УИХ-ын энэ оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж буй. Тухайлбал, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах 9 төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийсэн. Манай улсын хувьд 2223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байна гэв.
 
Түүнчлэн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу Сонгуулийн мэдээллийн цахим системийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлээс ангид байх үүднээс сонгуулийн төв байгууллагаас хүсэлт өгч, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийг авч хэрэгжүүлж эхэлсэн гэсэн товч мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өгөв.
 
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, сонгогчдын бүртгэлийн тоног төхөөрөмжийг 2013 оны арваннэгдүгээр сараас хойш шинэчлээгүй байсныг өнгөрсөн онд шинэчилсэн. Техникийн шинэчлэлийг хийснээр цахим сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой үүсдэг гомдол саналыг харгалзан үзэж, бэлтгэлээ хангаж байна. Үүнд, иргэний бүртгэл мэдээллийг цахим системд алдаа мадаггүй байлгаж, хаягжуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран сэргээн сайжруулсан. Иргэдэд мэдээлэл өгөх, сургалт судалгааны ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. Сонгогчдын бүртгэлийг боловсронгуй, ил тод байлгах үүднээс www.check.burtgel.gov.mn цахим талбарыг нээн ажиллуулж эхэлсэн. Иргэд тус талбарт нэвтэрч, өөрийн байнга оршин суудаг хаяг дээрх өөрийн болон бусад хүний мэдээллийг шалгах боломжтой. Хэрвээ тухайн хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн, мэдээлэл зөрчилтэй тохиолдолд хүсэлт гаргаж, шалгуулна. Цөөнгүй хүний гомдлыг хүлээн авч шалган зөрчлийг арилгуулсан гэсэн юм.