Нийгэм

1072 ногдол ашгаа аваагүй бол хүсэлт гаргах боломжтой

1072 ногдол ашгаа аваагүй бол хүсэлт гаргах боломжтой

"Эрдэнэс тавантолгой" ХК 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгаа гуравдугаар сард тараана гэж мэдэгдэж байсан билээ. Түүний өмнөх жил буюу 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын эхний долоо хоногт олгосон. Тэгвэл өмнөх ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах боломжтой байна. Учир нь төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэсэн юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж хэлж болно.

Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгохоор байгаа аж.