Улс төр

МАН бага хурал: Нэр дэвшүүлэх журам батална

МАН бага хурал: Нэр дэвшүүлэх журам батална
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх асуудлаа баталжээ. Тодруулбал, МАН-ын Бага хурлыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагт товлосон байна. Мөн Бага хурлаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай,  МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Өөрөөр хэлбэл, МАН 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт ямар хүнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаар батлахаар товложээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2024 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хугай зэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг юм.
Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал гуравдугаар сарын 23-ны өдөр болохоор товлогджээ. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай учраас ийнхүү намын Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө эцэслэх юм.