Гадаад мэдээ

ТӨРӨЛТИЙН ТҮВШИН БУУРЧ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР ХЯТАДЫН ЭМНЭЛГҮҮД ТӨРӨХ ТАСГУУДАА ХААЖ БАЙНА

ТӨРӨЛТИЙН ТҮВШИН БУУРЧ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР ХЯТАДЫН ЭМНЭЛГҮҮД ТӨРӨХ ТАСГУУДАА ХААЖ БАЙНА
Хятадад төрөлт буурч байгаатай холбоотойгоор эмнэлгүүд энэ жилээс төрөх тасгуудаа хааж байгааг төрийн дэмжлэгтэй “Daily Economic News” сонин мэдээллээ.Тухайлбал Зүүн Жөжян, өмнөд Жянши зэрэг янз бүрийн мужуудын эмнэлгүүд сүүлийн хоёр сарын хугацаанд эх барихын тасгуудаа хааж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Жянши мужийн Ганжоу хотын тавдугаар ардын эмнэлэг гуравдугаар сарын 11-ээс эхлэн эх барих тасгийн үйлчилгээгээ зогсоож байгаагаа “WeChat” хуудсаараа мэдэгдсэн бол Жөжян мужийн Жианшань Уламжлалт Анагаах Ухааны эмнэлэг хоёрдугаар сарын 1-ээс эх барих үйлчилгээгээ зогсоосон байна.
Нэгэн цагт дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг байсан Хятадын хүн ам хурдацтай хөгширч байна. Мөн бодлого боловсруулагчид төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх гэсэн хүндхэн сорилттой тулгараад байгаа юм.
 
Төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч, мөн Ковид-19-ийн улмаас нас баралт ихэссэний улмаас Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан. Энэ нь эдийн засгийн өсөлтийн чадавхад урт хугацаанд гүнзгий нөлөө үзүүлнэ гэж албаныхан болгоомжилж байна.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад 2020 онд 807 амаржих газар байсан бол 2021 онд 793 болж буурчээ.
“Daily Economic News” зэрэг дотоодын хэвлэлүүдийн мэдээлснээр шинээр төрөх хүүхдийн тоо буурсаар байгаа тул илүү олон эмнэлгүүд эх барих тасгуудаа хаах эрсдэлтэй тулгараад байна.
Тус улсад хүүхэд асрах зардал өндөр байдгаас гадна эмэгтэйчүүд карьераа орхин, гэрлэх сонирхолгүй байгаа нь төрөлт буурах гол шалтгаан болсон байна.
Эрх баригчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд жирэмсний амралтыг сунгах, хүүхэдтэй болоход, орон сууцтай болоход нь санхүүгийн дэмжлэг болон татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.
Хятадын зурхайгаар луу жил онцгой сайныг билэгддэг. Хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн луу жилд Хятад даяар илүү олон хүүхэд мэндэлж байгаа талаар санхүүгийн мэдээний “Yicai” сонин мэдээлжээ. Гэсэн ч хүн ам зүйчид уг өсөлтийг тогтвортой биш, богино настай байх магадлалтай гэж үзэж байна.