Улс төр

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС 27 НАМ, ХОЁР ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУЦААЖЭЭ

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС 27 НАМ, ХОЁР ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУЦААЖЭЭ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн сард Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.
Тэгвэл эдгээр нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Загджав “Өчигдөр 27 нам, хоёр эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаасан. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн зорилт, бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тооцооллуудыг үзэхэд засаж, залруулах зүйлүүд байгаа юм. Манай саналын дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэж харж, аудитын газарт 17-нд ирүүлнэ. Дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дахин хянаж, аудитын дүгнэлтээ гаргаад Сонгуулийн ерөнхий хороонд хүргэнэ. Үүнд санаа зовж, зөрчил дутагдалтай талаас нь ярих шаардлагагүй. Нам, эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж байгаа тул урьдчилж ярих боломжгүй. Аудитын дүгнэлт гарсны дараа мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлж болно” хэмээн ярилаа.
Аудитын газраас намуудын мөрийн хөтөлбөрийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж дүгнэдэг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.3 -д 38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглодог.
38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг хориглодог.