Нийгэм

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулсан.
 
Улмаар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорционал/ аргаар нам эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн УИХ тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байхаар хуульчилсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны саналаар тэдгээр иргэдийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар тогтоосон. 
 
СЕХ-ны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг байгуулаад буй. Төв комисс нь СЕХ-ноос өгсөн үүргийн дагуу гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах юм. ДТГ-ын дэргэд ажиллах салбар комиссыг төв комисс тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө байгуулна. 
 
Санал авах тухай мэдээ мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, төв комисс ДТГ-аар дамжуулан хүргэхээс гадна олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран энэ сарын 16-нд зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигч-Хөгжлийн шинэ гарц”  форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцож, гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх талаар мэдээлэл өгсөн аж. 
 
Түүнчлэн СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амараа, “Цахим өртөө холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл нартай энэ сарын 16-нд уулзаж, хамтран ажиллахаар тогтжээ. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд оролцохоо ДТГ-т мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Хүсэлтээ энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө биечлэн эсвэл утсаар, цахим шуудангаар гаргах боломжтой.
 
Гадаадад байгаа иргэд энэ оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд тухайн улсынхаа цагаар 7-22 цагийн хооронд саналаа өгнө.