Улс төр

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЭНЭ САРЫН 22-24-НД АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЭНЭ САРЫН 22-24-НД АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад энэ сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
 
Нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар 3 хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм. Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.
 
Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.