Нийгэм

ИНЖЕНЕР БОЛОХ СОНИРХОЛТОЙ СУРАГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

ИНЖЕНЕР БОЛОХ СОНИРХОЛТОЙ СУРАГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК инженер, техникийн мэргэжлээр суралцах сонирхолтой төгсөх ангийн сурагчдад “Мэргэжлээ кэйрлэе” өдөрлөгийг зохион байгууллаа. 

Тавдугаар сарын 31-нд ил өдөрлөгөө Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн 40 гаруй сурагчдын дунд зохион байгуулав. Тэд Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчээр тасралтгүй хангадаг “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн төв оффис, “Сэрвэн” нарны цахилгаан станц, “Тайшир-Гуулин” УЦС-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд түгээдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. 

Инженер, техникийн мэргэжлээр суралцахыг зорьж байгаа та бүхэн манай компанид мэргэжлээрээ суралцах явцдаа дадлага хийх, цаашлаад “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д ажиллах бүрэн боломжтой. Орон нутгийн эрчим хүчний салбарт инженер, техникийн чадварлаг залуу боловсон хүчнүүд, хүний нөөцийн асуудал хамгийн чухал юм гэдгийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Б.Цэдэвсүрэн онцлон хэлж байлаа.

Тэрээр цааш нь хэлэхдээ: Эрчим хүчний салбар нь мэдлэг чадвартай, мэргэшсэн, техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн, зах зээлийн өөрчлөлтөд зохицож чадахуйц хүний нөөцтэй байх ёстой. Хүний нөөц бүрдүүлэх ажлыг чухал асуудлуудын тоонд зүй ёсоор оруулж байгаа. Тиймээс  компанийн хэтийн зорилгынхоо хүрээнд орон нутгийнхаа эрчим хүчний салбарт хэрэгцээтэй хүний нөөцийн эрэлтийг нарийвчлан тооцож тэдгээрийг одооноос системтэйгээр бэлтгэх, хангах үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь энэ үйл ажиллагаа юм гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Өдөрлөгт оролцсон төгсөх ангийн сурагчид: “Инженер мэргэжлээр суралцахаар сонирхон элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа энэ цаг үед сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж байгаад баяртай байна. Яг юуны инженерээр суралцахдаа бага зэрэг эргэлзэж, олон сонголтод дотор эцсийн шийдвэрээ гаргаж чадахгүй байсан. “Мэргэжлээ кэйрлэе” өдөрлөгт оролцоод эргэлзэлгүйгээр цахилгааны инженер болохоо шийдлээ. Өмнө нь ийм сонирхолтой үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Хамгийн сонирхолтой нь “Сэрвэн” нарны цахилгаан станц байлаа. Техник технологи ямар хурдацтай хөгжиж байгааг тэндээс олж харлаа. Зохион байгуулсан ах эгч нартаа баярлалаа” гэдгээ илэрхийлж байлаа. 

 

Хүүхдүүдийн сонирхож байгаа “Сэрвэн” нарны цахилгаан станц нь 2023 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн  Есөнбулаг суманд ашиглалтад орсон. 10 МВт-ын ил нарны цахилгаан станц Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай. Нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэхээс гадна төслийг дагаж 10-12 ажлын байр бий болсон юм.