Нийгэм

ДАХИН БҮРТГҮҮЛЭХЭЭР 104 НЭР ДЭВШИГЧ БАРИМТ БИЧГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

ДАХИН БҮРТГҮҮЛЭХЭЭР 104 НЭР ДЭВШИГЧ БАРИМТ БИЧГЭЭ ИРҮҮЛЛЭЭ
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
 
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авав.
 
Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, гурван бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.