Нийгэм

ХОТЫН ДУГААР ОЛГОХ ХЯЗГААРЛАЛТ: ИРГЭДИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА УУ?

ХОТЫН ДУГААР ОЛГОХ ХЯЗГААРЛАЛТ: ИРГЭДИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА УУ?

Өнөөдөр /2024.11.12/ нийслэлд автомашины улсын бүртгэлийн дугаар олгохгүй байх асуудлаар бизнес эрхлэгчид Үндсэн хуулийн Цэцэд хандаж, мэдээлэл хийлээ. Тэд уг тогтоол нь хүний эрхийг зөрчиж байгааг онцлов.

Шийдвэрийн үндэслэл

Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор нийслэлд автомашины улсын дугаар олгох дээд хязгаарыг тогтоосон шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэрээр импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохыг хязгаарласан. УИХ-аас баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг үндэслэж гаргасан уг шийдвэр нь иргэдийн эрхийг зөрчиж байгааг бизнес эрхлэгчид эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ.

Үндсэн хуулийн зөрчил үүсгэж буй гол асуудлууд

Бизнес эрхлэгчид энэхүү тогтоолыг иргэдийн өмчлөх эрхийг хязгаарлаж, Үндсэн хууль зөрчиж буй хэмээн тайлбарлаж байна.

  1. Өмчлөх эрхэд халдсан: Иргэд автомашин худалдан авахдаа улсын дугаар авах боломжгүй тул өмчөө бүртгүүлэх, ашиглах эрхээ хязгаарлуулж байна. Орон нутгийн дугаар олгох боломжтой боловч Улаанбаатар хотын оршин суугчид хоног тутам өндөр төлбөр төлөх нөхцөлтэй болж, өмчлөх эрхээ нөхцөл, болзолтойгоор эдэлж буй нь тэгш бус байдлыг үүсгэж байна.

  2. Автомашин борлуулах боломж хязгаарлагдсан: Иргэд автомашинаа худалдан борлуулах үед улсын дугаарыг шинэ автомашинд шилжүүлэх боломжгүй болж, энэ нь өмчөө чөлөөтэй зарцуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.

  3. Төрийн үүргийн алдаа: Автомашины зам, гүүр, дэд бүтцийг хангалттай бүрдүүлж чадаагүй алдааг шийдвэрлэхийн оронд иргэдийн үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдэх оролдлого хийж байна. Иргэдээс татвар авч, дэд бүтцийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч энэ асуудал дээрх үүргээ биелүүлээгүй гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Бизнес эрхлэгчдийн шаардлага

Бизнес эрхлэгчид энэхүү шийдвэрийг хүний эрхэнд халдсан, төлөвлөгөө зохион байгуулалтгүй шийдвэр хэмээн тодорхойлж, Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг эргэн харахыг хүсэв.

Тэд мөн “Машин худалдан авах эрхээ хязгаарлуулах нь зөвхөн өмчлөх эрхээс гадна чөлөөтэй зорчих эрхийг ч мөн зөрчиж буй хэрэг” гэж үзэж байна.