Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа.
Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг Барилга, хот байгуулалтынын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон.
Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав.
Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон, төрийн тусгай албан хаагч, ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэнч байдал, нөр их хөдөлмөрийг ойлгон үнэлж, урам зориг өгч буйн дээр, ар гэр, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлж, ажлын байраа хадгалахад дэмжлэг болох юм. Цар тахлын үеийн хорио цээр, дэглэмээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, салбар дундын зохицуулалтыг хийснээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдаж, зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцнууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой юм.