Орон нутаг

Хууль бусаар алт олборлож байгаа үйлдлийг таслан зогсоож байна

Хууль бусаар алт олборлож байгаа үйлдлийг таслан зогсоож байна

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Элст, Гурванбулаг хэмээх газрыг уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх зорилгоор 2018 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Гэвч 2020 оны 3 дугаар сараас эхлэн иргэд коронавирусний тархалттай холбоотой хорио цээрийн дэглэмийг зөрчиж, 2000 орчим хүн нэг дор бөөгнөрөл үүсгэн, гар аргаар хууль бусаар алт олборлож байсныг хууль хяналтын байгууллагууд таслан зогсоож хэрэг зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцсон байна.

Өдгөө нийт 10 гаруй километр газар нутгийн жалга судаг даган 5-10 метр гүн нүх цооног үүсгэсэн байгаа нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаг 20 гаруй малчин өрхийн хувьд маш хүндрэлтэй байгаа юм. Мөн байгалийн унаган төрхийг эвдэн сүйтгэж, ухсан нүхэнд нь мал унаж үхэх, улмаар шороо тоос бужигнах, бэлчээр талхлагдах гэх мэт маш их асуудал бэрхшээл тулгардаг аж.

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хэсэг байгуулсан бөгөөд цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг холбогдох албаны 40 орчим албан хаагчдыг 3 постод хуваарилан байнгын эргүүл хяналтыг үргэлжлүүлж байгаа юм. Аймаг, сум мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг малчид иргэдийн хяналт дор тухайн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийж нүхийг булж тэгшлэх ажлуудыг хийж байна.

Эх сурвалж: http://www.omnogovi.gov.mn