Улс төр

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ САРЫН 13-НД СЭТГҮҮЛЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ САРЫН 13-НД СЭТГҮҮЛЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3-р сарын 13-ний өдөр Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийн зорилгын талаар тайлбар өгчээ.    
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр энэ сарын 9-нд УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьсан.
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх УИХ-д өргөн барьсан хуулийн төслийн талаараа:
-Би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажилласан. Энэ ажлыг би сайн мэднэ. УИХ-ын гишүүний нэр хүндэд халдах, хэн нэг хүнийг эргүүлэн татах, парламентын дархлааг унагаах санаархал, зорилго надад байхгүй. Би өмнө нь УИХ-д хэд хэдэн удаа хаалттай хуралдаанд оролцож, хууль тогтоогчдын ёс зүйн асуудлыг хөндөн ярьсан. Хаалттай хуралдаан байсан тул олон нийт мэдэхгүй. Өмнө нь би УИХ-ын гишүүн байхад хөдөөгүүр явахад иргэд их сайхан угтдаг, биднийг сонсдог байв. Гэтэл одоо 126 хулгайч гэх боллоо. 
Чуулганы хуралдаандаа суухгүй байна. Иймд би хуулийн төсөл боловсруулж, өргөн барив. Олон нийт дэмжихгүй бол татаж авч болно. Бид ёс зүй, хариуцлагын талаар ярих цаг болсон. Гал морин жилд ёс зүйн хувьсгал хийнэ.

Энэ хууль эргэж үйлчлэхгүй тул УИХ цаашид ёс зүйтэй, хариуцлагатай байх шаардлагатай. Түүнээс хэн нэгний өнгөрсөнд хийсэн алдааг одоо цаг руу авчран шүүх гээгүй. Энэ хуулийг баталснаар дараа дараагийн хууль тогтоогчид илүү анхаарал болгоомжтой байж, яавал эргүүлэн татагдах вэ гэдгээ мэддэг болно.

Энэ хууль парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь бүх хэлэлцүүлгийг нээлттэй явуулж, эргүүлэн татагдахад хүрсэн УИХ-ын гишүүнд үгээ хэлэх боломжийг олгосон. Хэд хэдэн шат дараатай хурлын дараа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Түүнээс шууд л бүрэн эрхэд нь халдах мэтээр буруу ойлгосон байна" гэв.