Нийгэм

“СЭЛБЭ ДЭД ТӨВ” БАЙРНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ТАВДУГААР САРЫН 01-ЭЭС ЭХЭЛНЭ

“СЭЛБЭ ДЭД ТӨВ” БАЙРНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ТАВДУГААР САРЫН 01-ЭЭС ЭХЭЛНЭ
Сэлбэ дэд төв нь Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийг орон сууцжуулж, цогц бүтээн байгуулалтаар дэд төв болгон хөгжүүлэх томоохон төсөл юм. Товчхондоо, зөвхөн байр барих төсөл бус, нийтийн үйлчилгээ, инженерийн дэд бүтэцтэй “20 минутын хот”-ын анхны жишиг ажил билээ. Бүтээн байгуулалтын ажил 2025 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2.206 нэгж талбайг хамарч байгаа юм. Тодруулбал, Зургаан буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц, 158 га талбайд нийгмийн хангамж, инженерийн дэд бүтэц барьж байна. Үүнд, 6.7 км авто зам, 5.3 км цахилгаан холбооны шугам, 9.7 км дулаан хангамжийн шугам, 19.7 км ус хангамж, ариутгах татуургын шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, гурван гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулна. Үүнээс, 150 болон 240 хүүхдийн хоёр цэцэрлэг хэдийн ашиглалтад оржээ. Харин ирэх тавдугаар сарын 01-ээс Сэлбэ дэд төвийн байрны урьдчилсан захиалга явагдана. Иргэд орон сууцны үнийн хэдэн хувийг төлж захиалгаа өгөхийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар удахгүй шийдэж, тодорхой болгоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 2027 оны хоёрдугаар улиралд хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн юм.