Улс төр

УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ. Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө,
-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хуулийн зохицуулалт нь парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн хариуцлагыг нэмэгдүүлэх хууль дээдлэх зарчим, төрийн үйл ажиллагааны тэгш байдлыг хангах, УИХ-ын гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагын тогтолцоог ил тод, нээлттэй болгохын зэрэгцээ парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.