Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” хязгаарлагдмал хувьцаат компанийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгууллаа. Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлжээ. Мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцон нийт 9.9 тэрбум төгрөгийг гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлсэн байна. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.