Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч М.Ганзориг” номын нээлт Шинжлэх Ухааны Академид боллоо. Хоёр боть бүхий энэхүү бүтээлд Монголын анхны сансрын нисэгч М.Ганзоригийн амьдрал, сансарт хийсэн туршилт, судалгааны ажил, мөн нислэгийн дараа эхлүүлсэн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны үр дүнг нэгтгэжээ. Тэрээр сансрын мэдээлэл боловсруулах, зайнаас тандан судлах, мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлийн суурийг Монголд тавьсан юм. Эрдэмтэн, судлаачид уг бүтээлийг ирээдүйн залуу судлаачдын ширээний ном болж, Монголын сансрын судлалын түүх, хөгжлийг баримтжуулсан чухал эх сурвалж гэж онцолжээ.