Урлаг спорт

“БАРЫС ИХ ДУУЛГА” ЭХЭЛЖ, ӨНӨӨДӨР МОНГОЛЫН НАЙМАН БӨХ БАРИЛДАНА

“БАРЫС ИХ ДУУЛГА” ЭХЭЛЖ, ӨНӨӨДӨР МОНГОЛЫН НАЙМАН БӨХ БАРИЛДАНА
Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотод эхлэж байна.
“Барыс Их дуулга”-д 36 орны эрэгтэй 174, эмэгтэй 121, нийт 295 тамирчин оролцох мэдүүлэг өгч, сугалаанд оролцжээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Монгол Улсаас дээрх таван жинд найман бөх зодоглох юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат “С” хэсэгт эхний тойрогт Казахстаны Сунггат Нурлатулитай, 66 кг-д Б.Эрхэмбаяр “D” хэсэгт Узбекистаны Абдурахим Нутфоллоевтой барилдахаар сугалаа таарлаа.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь жингийнхээ бүх жүдочийг тэргүүлэн барилдаж байна. Тэр эхний тойрогт хийлж, 2-р тойрогт Энэтхэг, Казахстаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Харин Г.Наранцэцэг “С” хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлэв. 2-р тойрогт Испани, Словакийн ялсантай барилдана. 52 кг-д М.Нандин-Эрдэнэ мөн жингийнхээ жүдочдыг тэргүүлсэн бөгөөд 2-р тойрогт эзэн орны бөх Мурадимова Айшабибитэй барилдана. Харин Ц.Гал-Од “D” хэсэгт багтаж, эхний тойрогт эзэн орны бөх Сарсенова Меруейрттай таарлаа. 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар хоёрдугаар тойрогт Францын Файза Мокдартай, Т.Ариунзаяа “С” хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Италийн шилдэг бөх Вероника Тониолотой таарлаа.